"Анд-Энерги" ХК-ийн гүйцэтгэх захирлын талархал

2017-11-15 12:11, Мэдээ

Гүйцэтгэх захирлын талархал

2017 оны 11-р сарын 15
Эрдэнэт хот, Монгол улс

Юуны өмнө Анд-Энерги ХК-ийн хувьцаа эзэмшигч болж хөрөнгө оруулалт хийсэн та бүхэнд баяр хүргэж, талархал илэрхийлье. Бид та бүхний итгэлийг зүтгэлээр хариулан ажиллах болно. 

Компани татан төвлөрүүлсэн хөрөнгө болох 1,592 сая төгрөгийг 11-р сарын 09-ны өдөр өөрийн харилцагч Голомт банкны дансанд хүлээн авсан. Үүнээс үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу 95,6 сая төгрөгийг андерртайтерийн үйл ажиллагааны зардалд шилжүүллээ. Үлдсэн хөрөнгө оруулалтын 1,267 сая төгрөгийг бизнес төлөвлөгөөнд тусгасны дагуу хавар хүртэл ашиглахгүй учраас гурван сарын хугацаатайгаар ТОР3 банкнаас хүүний санал авч хамгийн өндөр хүү санал болгосон банкинд хадгалуулсан. Бид засгийн газрын үнэт цаасыг худалдан авах талаар судалсан боловч Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж байсан үнэт цаасны арилжаа зогссон бөгөөд хэзээ эргэн арилжаалагдах нь тодорхой бус байсан учир цаг хугацаа хожих үүднээс банкны хадгаламжийг сонголоо. Ингээд үлдэгдэл 230 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгө, барилгын зураг төсөл гаргах, маркетингийн үйл ажиллагааны санхүүжилт хэлбэрээр зарцуулахаар харилцах дансандаа байршуулаад байна.

Өнгөрсөн хугацаанд манай бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаагаар бүтээгдэхүүний чанар “сайн” гэсэн дүгнэлт гарсан билээ. Хэдийгээр бид чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч борлуулалтын сувгаа хангалттай өргөжүүлж чадахгүй бол мөнгөн урсгалын эргэлт буурч улмаар үйл ажиллагаанд доголдол үүснэ. Иймд бид маркетинг, борлуулалтын цоо шинэ мастер төлөвлөгөө гаргах ажлыг өнгөрсөн хугацаанд хийсэн бөгөөд тун удахгүй батлан хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна.

Бид цаашид хууль, дүрэм, журмын хүрээнд мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаж, хувьцааны ханшид нөлөөлж болох мэдээллийг цаг тухайн бүрт нь хөрөнгө оруулагчиддаа хүргэж байх болно.

Таныг хүндэтгэсэн,

Ц.Гүррагчаа

Гүйцэтгэх захирал
Анд-Энерги ХК