ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018-4-6 14:04, Тайлан

АНД ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)


ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН


Анд Энерги ХК ("Компани")-ийн Гүйцэтгэх захирлын зүгээс юуны түрүүнд Компанийн нийт хөрөнгө оруулагч, манай бүтээгдэхүүнийг хэрэглэгч болон бидний үйл ажиллагааг дэмжиж байдаг нийт хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ("ТУЗ")-өөс өгсөн чиглэлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд заавал хүргэх мэдээллээс гадна улирал бүр Компанийн Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны тайланг мэдээлж байхаар болсныг дуулгахад таатай байна. Уг ажлын хүрээнд 2018 оны 1 дүгээр улирлын Компанийн үйл ажиллагааны онцлох мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байна.

Үйлдвэрлэл ба борлуулалтын гүйцэтгэлийн үзүүлэлтүүд сайн байлаа.

Компани өнгөрсөн улиралд түүхий эд материалын татан авалтыг гурван удаа хийж, нийт 5515 ширхэг лед гэрэл, гэрэлтүүлгийг үйлдвэрлэлээ. Эдгээрээс 2164 ширхэг бүтээгдэхүүнийг борлуулсан нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт байлаа. 

Мөн 2018 оны 1 дүгээр улиралд Компани нь байнгын харилцагч болон Шарын гол ХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Монголросцветмет ХХК, Шунхлай трейдинг ХХК, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК зэрэг томоохон аж ахуй нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байна. Компанийн Гүйцэтгэх захирлын зүгээс цаашид эдгээр байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх мөн Монгол Улсын бусад томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна. 

2018 оны 1 дүгээр улиралд манай лед гэрлийн үйлдвэр ямар нэгэн осол аваар, доголдол, сааталгүй ажиллалаа.

Ажлын байрыг нэмэгдүүллээ.

Компанийн үйлдвэрлэлийг өргөтгөх, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр улиралд маркетинг, борлуулалтын ажилтан хоёр, үйлдвэрийн ажилтан гурван хүнийг тус тус шинээр ажилд авч ажлын байрыг нэмэгдүүллээ. Мөн ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор Компанийн таван ажилтныг холбогдох сургалтанд хамруулаад байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийг төлөвлөгөөний дагуу зарцуулж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар бид шинэ үйлдвэрийн барилга барих, шинэ үйлвэрийн тоног төхөөрөмж суурилуулж ашиглалтанд оруулах, лаборатори байгуулах зэрэг ажлуудыг холбогдох төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Компаниас тухай бүр олон нийтэд мэдээлж байх болно. 

Компанийн анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, маркетинг, боруулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн зардлын хэмжээг үе шаттайгаар бууруулах, орлого ашгийн түвшинг нэмэгдүүлэх нь 2018 онд Гүйцэтгэх захирлын зүгээс баримтлах ажлын гол зарчим байх болно.

Энэ дашрамд Компанид итгэн хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч та бүгдийг 2018 оны 4 сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. 


Бид таны итгэлийг зүтгэлээр хариулна.


АНД ЭНЕРГИ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ГҮРРАГЧАА

2018 оны 4 сарын 5



Хавсаргасан файл: ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Үзэх